Инару- Засгийн газрын мэдээ сонинд

Инару- Засгийн газрын мэдээ сонинд

  • 2020-08-26 18:24
  • Монгол өв соёл шингэсэн, байгальд ээлтэй, эко бүтээгдэхүүнийг орчин үеийн технологид нийцүүлэн үйлдвэрлэх зорилготой
  • Адууны тос болон хонины тосоор хийсэн бүтээгдэхүүнээ Шанхай, Тайваньд борлуулж байгаа бөгөөд удахгүй Европ руу цахимаар худалдаалах аж. Инару брэндийн бүтээгдэхүүнүүд 2000 үйлчлүүлэгчтэй бөгөөд 800 гаруй нь байнгын хэрэглэгч гэнэ
  • Инару брэнд нь бүтээгдэхүүнээ хийхийн тулд 50 гаруй төрлийн түхий эд ашигладаг бөгөөд хонины сүүл, чацаргана, ганга, адууны тос, жамц давс, кофе, цардуул, нохойн хошуу зэрэг 20 орчим нь монгол түүхий эд гэнэ
     

Эх хүний үрдээ сайхан ирээдүйг бий болгох гэсэн сэтгэлийн угаас сүндэрлэн боссон Инару брэндийг энэ удаагийн “Би үйлдвэрлэгч” буландаа онцолж байна. Шавилхан биетэй, шаггүй авьяастай түүнийг Н.Сарангуа гэдэг. Хүний хань, хоёр хүүхдийн ээж болсон цагаас хойш гэр бүлийнхээ эрүүл мэндэд санаа тавих том хариуцлагыг нуруун дээрээ үүрэх болжээ. Нэг өдөр CNN-ий мэдээгээр ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнд байдаг хортой синтетик бодис хүмүүсийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар үзсэн аж. Тэгээд хүүхдүүдийнхээ идэж уудаг аяга, тоглож хөрвөдөг шал, толь, хана гээд бүхий л зүйлийг юугаар хийсэн нь мэдэгдэхгүй хорт бодисоор цэвэрлэж байгаагаа гэнэт ухаараад их эмзэглэсэн байна. Үүнээс хойш аль болох байгалийн органик гэх тодотголтой бүтээгдэхүүнийг авч, Америкаас хүртэл захиж хэрэглэдэг болсон гэнэ. Гэтэл бас жинхэнэ органик бүтээгдэхүүн хэт үнэтэй, эсвэл үнэн бодит орц найрлагаа бичдэггүй учир өдөр тутмын хэрэглээ болгоход хүндрэлтэй байжээ. Үүнээс үүдэн “Ер нь бид ийм сайхан баялагтай газар нутаг, түүхий эдтэй улс оронд амьдарч байж яагаад эко бүтээгдэхүүн өөрсдөө хийж болохгүй гэж” гэсэн бодол төрсөн аж. Тэгээд өөрийн гэсэн бизнестэй болоход нь гэр бүлийнхэн нь том түшиг болж, 2016 онд “Инару биомедикал” ХХК-аа үүсгэн байгуулжээ. 

 

23 төрлийн бүтээгдэхүүнийг гар аргаар үйлдвэрлэдэг

Тэрбээр жил гаруйн хугацаанд судалгаа хийсний эцэст 2017 оны 11 дүгээр сараас нээлтээ хийсэн аж. “Гадаах агаараас илүү гэр доторх агаар 2-3 дахин бохирдолтой байна гэсэн судалгааг Америкийн эрдэмтэд хийсэн байдаг. Төрөл бүрийн химийн хортой бодисоор гэрээ дүүргэдэг нь харшил, хавдар үүсгэх сөрөг талтай. Энэ нь нотлогдсон учраас бүтээгдэхүүнээ хийх санаагаа олсон. Синтетик бодисуудыг хэрэглэж болно. Гэхдээ хэмжээнээсээ хэтэрвэл хорт хавдар үүсгэдэг. Өвчлөл залуужаад байгаа нь бидний хэрэглээнээс шалтгаалж байна. Синтетик бодисууд байгальд сөрөг нөлөөтэй. Манай бүтээгдэхүүний сав байгальд бүрэн шингэдэг. Бүтээгдэхүүнээ зарахаас илүү эко хэрэглээг төлөвшүүлэхийг хичээдэг” гэж Н.Сарангуа ярилаа. Одоогийн байдлаар есөн нэрийн 23 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Эдгээр бүтээгдэхүүнийг хийхийн тулд 50 гаруй төрлийн түхий эд ашигладаг бөгөөд хонины сүүл, чацаргана, ганга, адууны тос, жамц давс, кофе, цардуул, нохойн хошуу зэрэг 20 орчим нь монгол түүхий эд гэнэ. Харин эх орондоо байдаггүй наргил модны тос, оливын тос зэрэг хүнсний зэрэглэлтэй бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирдэг. Ингэхдээ Франц, Энэтхэг, Герман зэрэг улсаас авдаг аж. Инару брэнд нь гоо сайхан, эрүүл мэнд, гэр ахуйн эко бүтээгдэхүүнийг уламжлалт гар аргаар үйлдвэрлэдэг. 100 хувь гар ажиллагаатай тул ажлын байр бий болгох давуу талтай гэв. “Дэлхий дахинаа байгальд ээлтэй, эко бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсөж байгаа. Манай үйлдвэр өндөр технологитой улс орнуудтай өрсөлдөх түвшинд очоогүй байгаа ч байгаль дэлхий, нүүдэлчин соёл давуу тал болно. Бид монгол өв соёл шингэсэн, байгальд ээлтэй, эко бүтээгдэхүүнийг орчин үеийн технологид нийцүүлэн үйлдвэрлэх зорилготой. Манай бүтээгдэхүүнийг найман настай балчраас 80 настай буурал хүртэл хэрэглэж болно” гэдгийг Н.Сарангуа хэлсэн юм. 
 

Үндэсний үйлдвэрүүд дотоод зах зээлийн 50 хувийг хангах боломжтой

Инару брэнд нь Монголд анх удаа гангатай кастилийн саванг үйлдвэрлэжээ. Үүнийг ганга өвстэй хослуулан бүтээсэн нь үнэхээр төгс шийдэл болсон аж. Учир нь гангатай органик цэвэрлэгчээр нүүр, гар, биеийн арьс арчилгааг хийхээс гадна жимс ногоо, аяга тавгаас эхлээд гэр ахуйн бүх л цэвэрлэгээг хийж болно. Мөн байгальд шингэхдээ ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй. Адууны тос, хонины сүүл нь өндөр зэрэглэлийн тос гэж үнэлэгддэг учир Монголд амьдардаг гадаадууд маш их худалдаж авдаг аж. Органик гарын саванг хоёр доллараар үнэлэхэд жуулчид хямд гэдэг бол монголчууд 5-6 мянган төгрөгийн саванг үнэтэй гэсэн байна. Үүний оронд 2000 төгрөгөөр safeguard авсан нь дээр гэж хэлдэг гэнэ. Энэ нь хоорондын ялгааг мэдэж ойлгохгүй байгаатай холбоотой гэдгийг Н.Сарангуа хэлсэн юм. Тэрбээр “Гар аргаар хийсэн органик бүтээгдэхүүний үнэ цэнийг гаднынхан сайн мэддэг. Манай улсын савангийн зах зээлийн 90 хувийг импортын бүтээгдэхүүн эзэлдэг. Гар аргаар ийм төрлийн бүтээгдэхүүн хийдэг 25 орчим үндэсний үйлдвэр бий. Бид нийлээд дотоодынхоо зах зээлийн 30-50 хувийг хангах бүрэн хүчин чадалтай. Тиймээс импортын бараа бүтээгдэхүүнийг орлох зорилго тавьсан. Савангаа дотооддоо үйлдвэрлэх 100 хувь боломжтой шүү дээ” хэмээлээ. Амьтныг нядалсан бол бүхий л зүйлийг хүнд болон байгальд ээлтэй байдлаар, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор бүрэн ашиглан бүтээгдэхүүн хийх ёстой. Гэтэл адууны тос хаягдал бүтээгдэхүүн болдог. Тиймээс дахин боловсруулж, хэрэглэж байгаа юм. Энэ түүхий эд бусад химийн гаралтай бүтээгдэхүүнтэй харьцуулшгүй үр дүнтэй. 

Хүргэлтийн нөхцөл

Хүргэлтийн бүсээс хамааран 3000-5000 төгрөг.

Төлбөрийн мэдээлэл

Төлбөрийг 100% төлсөнөөр захиалга баталгаажна.

Үйлчилгээний нөхцөл

Тухайн өдрийн 14 цаг хүртэл хүргэлтийн захиалгыг авах ба 14 цагаас хойш хийсэн захиалга маргаашийн захиалгад орно.